Монгол Улсын Засгийн Газар дотоодын зах зээлд бонд гаргахаар шийдвэрлэлээ.

2025-04-10

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сард дотоодын үнэт цаасны зах зээлд Засгийн газрын бонд гаргах шийдвэр гаргасантай холбогдуулан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсад Засгийн газрын бонд хамгийн сүүлд 2017 онд дотоодын зах зээлд арилжигдаж байсан бөгөөд тухайн үед энэ нь хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлт үүсгэж, үнэт цаасны зах зээлийн идэвхжилийг нэмэгдүүлсэн санхүүгийн чухал хэрэгсэл болж байв.  Засгийн газрын бондыг дотоодын үнэт цаасны зах зээлд арилжаалах нь зөвхөн богино хугацааны эрэлт хэрэгцээг хангах бус, харин эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн зах зээлийн институтийн чадавхыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий бодлого юм.
 

Засгийн газрын бондын ач холбогдлыг дурдвал:

  • Үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг дэмжих замаар зах зээлийн хөгжилд түлхэц өгнө;
  • Валютын ханшийн савлагааг бууруулах, гадаад өрийн дарамтыг багасгах боломжийг бүрдүүлнэ;
  • Дотоодын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх, ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн бүтцийг урт хугацаанд сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ;
  • Иргэдэд банкны хадгаламжаас илүү өгөөжтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын шинэ сонголт бий болгоно.

 

Иймд тус шийдвэр нь Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдод үр ашигтай, цаг үеэ олсон, дотоодын зах зээлийн хөгжлийг дэмжсэн бодит алхам гэж бид үзэж байна.

: 266

Брокер шалгах